Буянлаг патерналист Монгол төр

2008-12-24 05:26
Буянлаг патерналист Монгол төр
Иргэд нийгмийнхээ сайн сайхны төлөө шударга санаачлага гаргаж байхад олигархиуд түүнийг нь аваад ашиг сонирхол болгон хувиргадаг.
Ц.Мөнхбат
    Татвар, албадлага хоёр хослон тогтнох орчлонд тааваараа амьдрах шиг хэцүү зүйл алга, Төр, олигархи хоёр зэрэгцэн буй ертөнцөд төвшин, амгалан амьдрал шиг мөрөөдөх зүйл алга хэмээн үзэл бодлоо өврийн дэвтэртэй бачимдан бичнэ.
    Татвар бол иргэдийн төрдөө өгч буй зээл юм. Төр иргэдээс татвар хэлбэрээр зээл авч оронд нь тохилог үйлчилгээ, бизнессийн боломж, ажлын байр зэргийг бий болгох нь төрийн татвар хурааж буй гол зорилго байдаг.
Татвар нь засгийн газрын зардлыг санхүүжүүлэх эх үүсвэрийг бүрдүүлэх, нийгэм, эдийн засгийг зохицуулах гол хэрэгсэл төдийгүй ядуурлыг бууруулах, ажил эрхлэлтийг дээшлүүлэх, үнийн тогтвортой байдлыг хангах, гадаад худалдааны тэнцлийг хангах, хөрөнгө оруулалтыг дэмжих, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй юм.
Эдийн засгийн суурь ухагдахуун болох иргэдийнхээ хязгааргүй хэрэгцээг хязгаарлагдмал нөөцөөр хангах төрийн бодлого нь мөнгөн хуримтлалыг бий болгож түүнийгээ эргэлтэнд оруулж ашиг олох явдлаар илэрхийлэгдэнэ. Олсон ашиг нь дараагийн бизнесст хөл тавихад нь тусалж улмаар үлдсэн ашиг нь иргэдийнхээ сайн сайхны төлөө зориулагдана. Төрийн үйл ажиллагаа нь гагцхүү иргэддээ үйлчилж, эдийн засгийн баталгаат амьдралыг бий болгоход оршдог. Төр, татвар хоёрын харилцан хамаарал нь энэ бөлгөө.  
Харамсалтай нь Монголд төр нь ч, татвар нь ч алга. Зөвхөн бизнессийн бүлэглэлүүд өөр хоорондоо үгсэн тохиролцсон төр гээч нүсэр аппаратыг бий болгон, түүгээрээ иргэдээс татаас авдаг  ашиг сонирхолын систем болон хувирчээ.
Татвар бол баян, хоосон өндөр, нам, өргөн, нарийн гээд бүгдэд адил тэгш үйлчилж, ялгаварлан гадуурхалтгүй байх зарчимтай.
Монгол улсын иргэн л бол бүгд хуулиар ногдуулсан татвараа төлж, түүнийгээ хянаж төрөөс татварын мөнгийг үр ашигтай зарцуулахыг шаардах эрхтэй.
    Өнөөдөр татвар хүн бүрт хүрч чадаж байна уу?, татвараас бий болсон хуримтлалыг зөв зүйлд зарцуулж чадаж байна уу? гэх зэрэг олон асуултууд иргэний нийгмийн байгууллагуудын анхаарлыг зүй ёсоор татаж байна.
    Өнгөрсөн онд татварын өршөөлийн хууль Монголд хэрэгтэй гэх иргэн Б.Лхагважавын санаачлагыг эрхэм гишүүд маань уухайн тас угтан авч ёслон батлаад татварын системийг шинэчлэх гэсэн саналыг нь өөрсдийнхөө компаниудын татварыг хүчингүй болгох гэсэн санаархал болгон хувиргасан юм.  
    Татварыг энгийн иргэд төлөөд Их хуралд суудалтай эрхэм гишүүдийн арыг халхалдаг компаниудын боссууд төлөхгүй байх нь шударга ёсонд үл нийцэхээр барахгүй татварын мөн чанарыг үгүйсгэсэн явдал юм.
    Монгол улсын эдийн засаг, татвар, мөнгө санхүүгийн бодлого нь эдийн засгийн хөгжлөө боомилсон, корпоратист төрийг дэмжсэн, инфляцийг хөөрөгдсөн, ажилгүйдлийг нэмэгдүүлсэн шинжийг агуулж байна. Дээрхийг 2000 оноос хойшхи УИХ-ын сонгуулиар өгсөн амлалтуудаас харж болно. Тухайлбал: Эрднийн хувь 1.000.000, Эх орны хишиг 1.500.000, гэр бүлийн 500.000, шинэ төрсөн хүүхдэд 100.000, хүүхдийн 10.000, бүр сүүлдээ ямаанд 5000 гэх мэт. /удахгүй нохойнд 3000 гэх зэргээр явах биз /
    Энэ бүгдээс үзвэл Монгол улсын хөгжил рүү тэмүүлсэн зам нь  1970-аад оны Англи, АНУ-ын эдийн засгийн хямрал үе рүү яваад байна уу гэх хардлагыг төрүүлж байна. 
1970-аад оны АНУ, Английн эдийн засгийн хямрал нь татварын буруу бодлоготой холбоотой байсан юм. Учир нь Буянлаг төрийг эрхэмлэсэн Ричард Никсоны алдаатай бодлогын улмаас АНУ-д төрд итгэх иргэдийн итгэл алдарч, төр нь аливаа эдийн засгийг хуулиар журамлан гадаадын хөрөнгө оруулалтыг хавчих  / татварын бодлогоор / бодлого баримталсанаар эдийн засгийн уналтад орох шалтгаан болсон. XIX зууны дэлхийн хамгийн баян улс болох Англи татварын дарамтыг ихэсгэн, нийгмийн халамжийн үйлчилгээг нэмэгдүүлсэнээр / Патерналист буянлаг төрийн бодлого / эдийн засаг нь зогсонги байдалд орсон билээ.
    1980-аад онд Роналд Рейган, Маргарет Тэтчэр нар АНУ, Английг эдийн засгийн хямралаас гаргахын тулд татварын дарамтыг багасган, өмч хувьчлалыг эрчимтэй явуулсан, эдийн засаг дахь төрийн нөлөөллийг багасгаж чадсанаар хямралыг даван туулсан билээ.
    Монгол улс өнөөдөр ашигт малтмалын салбарыг хувьчлах, түүнд оролцох төрийн нөлөөллийг багасгах, өмч хувьчлал, тендерийг шударга зөв, хариуцлагатай явуулах, төрийн нүсэр аппаратыг бууруулах, төрийн эрх мэдлийг хязгаарлах, татварын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, улмаар нийгмийн халамж үйлчилгээг багасгах зэрэг шат дараалсан арга хэмжээнүүдийг яаралтай авч хэрэгжүүлэх нь нэн чухал болоод байна.
    Шударга бус нийгэмд ямагт хууль ядууст үйлчилдэг.
Ц.Мөнхбат

Ангилал : Нийтлэл / эссэ / | Нийтэлсэн : Muusain | Уншсан (37) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Ялтан

2008-12-24 05:02
Ялтан

    Бие бөх бөгөөс нэгийг ялъя уу
    Сэтгэл бөх бөгөөс олныг ялъя уу
    Сэтгэл, бие бөх бөгөөс бүхнийг ялъя уу
Чингэс хаан.
Монгол улс хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгмийг цогцлуулан бүтээн, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн Үндсэн хуулиа батлаад даруй 15 жил болжээ.
1998 оноос эрх зүйн шинэтгэл хөтөлбөрийн хүрээнд Үндсэн хуулийн / Либертари / үзэл баримтлалын дагуу социалист хуулиудаас ардчилсан хуулиудыг шинээр баталсан боловч өнөө хэр ялтны эрх, эрх чөлөө 1960-аад оны Жим кроугийн хууль мэт / хар арьст боолчуудыг ялгаварлан гадуурхсан хууль / ялтнуудыг ялгаварлан гадуурхсан хууль, эрх зүйн хаос / эмх замбараагүй / байдлыг бий болгосоор байна.
Хууль нь төрийн / олигархи бүлэглэлийн / хүсэл зоригийг баримтлан ялтныг хийсэн хэргийх нь төлөө зөвхөн шийтгэн цээрлүүлэх социалист үндсэн бодлогын хүрээнд явагдсаар байна.
Ж.Локк “Бүх хүн алдаа гаргадаг” хэмээн хэлсэнчлэн тухайн алдсан алдааг нь засаж залруулах нь бүү хэл тэднийг харанхуй гэмт хэргийн ертөнц рүү түлхдэг нь Эрх зүйт төр бус / rule of law буюу хуулийн засаглал гэх нь бий / бүх хүн алдаа үл гаргагч байх ёстой, бүх хүн соён гэгээрэгч байх ёстой хэмээн үздэг социалист төрийн хэлбэр оршсоор байгаа хэмээн ойлгож байна.
Өнөөдөр Монгол улсын эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эрх зүйн орчин нь яллах, залхаан цээрлүүлэх бодлогыг хөхүүлэн дэмжсэн, ял гүйцэтгэх арга техник нь хүнлэг, шударга бус байгаа нь дээрх ажиллагааны эрх зүйн шинэтгэл бус ухралт болсоор байгааг харуулсаар байна.
Ялтны эрх зүйн байдлын талаар судалгаа хийхдээ гэмт хэрэгтэн гэхээсээ илүүтэй хүн гэдэг утгаар нь авч үзэн Антропологи / Хүн судлал / талаас нь Психалогийн / Сэтгэл судлал / шинжлэх ухааныг гол арга барил болгон ашиглах нь Либертари, эрх зүйт төрийн / rule of law / гол үүрэг бөлгөө.
Хүн болгонд сэтгэл зүрх гэж байдгийн адил тэдгээрт зүрх сэтгэл, сайн зан чанар байгааг олж харан тэдний ирээдүйн амьдралд нь гэрэл асаах юм бол гэмт хэрэгтэн бус иргэн болон төлөвшихүйн мөн чанар нь орших бөлгөө.
Хүний нийгэмд цээрлэл хүлээлгэх арга барил нь залхаасан, хүчирхийлсэн бусад байдлаар үр дүнгүй арга хэрэглэх тусам ял шийтгэлийн зорилго, хурд, тэнцэтгэл нь алдагдаж улмаар тухайн ял эдэлж буй этгээд нь нийгэмд дахин гэмт хэрэг үйлдэх хүсэл зоригийг бий болгодог билээ.
Нөгөө талаар хүүхэд, эмэгтэйчүүд гэх мэт нийгмийн цөөнхийн болон тусгай бүлгүүдийн сэтгэл зүйд тохируулан ял эдлүүлэх нь асуудал хэвээр байсаар байна.
Хууль зүйн шинжлэх ухаанд ялтны нийгэмшилтийн талаарх филисофи бүрэлдээгүй, энэхүү судлагдахууны хувьд дэлхий нийтийн гуманизмд / хүнийг дээдэлсэн соёлын үзэгдлүүд, эрх зүй ч хамаарна / Монгол улс хараахан нэгдэж чадаагүй байгаа нь ял хэмээх ойлголтыг буруу ойлгосоноос үүдэлтэй болов уу! 
Ялтны тухай Абсолют / absolutus- хувьрашгүй үзэл / ойлголтыг шинэчлэх зайлшгүй шаардлагатайг хуульч бид бүхэн дахин нэг анхаарах цаг болжээ. Зөвхөн нэг терминалогийг / нэр томъёо / буруу ойлгосоноос болж тэдний эрх, эрх чөлөө хэрхэн зөрчигдсөнийг та бид харсан билээ. Иймээс шинэ шинэ нэр томъёонуудыг бусад үндсэн хуулийн үзэл баримтлал нийцүүлэн эрх зүйн шинэтгэлийг хийх нь зүй билээ.
Нөгөө талаар ялтан хэмээх нь нэр томъёо нь ял, / цээрлэл гэсэн утгатай / тан буюу тухайлсан хүн хэмээх утга нь ажилтан гэдэгтэй адил ялтан гэж ойлгоглох нь элбэг юм.
Тиймээс цээрлэл нь залхаан шийтгэх, зовоон тарчлаах утгыг илэрхийлэхгүйг анхааран өөрөө өөрийнхөө үйлдсэн гэмийг ухаарах ойлгох, өөрчлөгдөх гэх мэтээр эрхэм суртахууны үүднээс нь тодорхойлон ойлгох нь зүй юм. Ялтан гэдэг бол гэмт хэрэг үйлдсэн хүнийг хэлэх боловч алдаа гарган алдаагаа засах боломжийг олсон хүнийг хэлнэ. Нийгэмд ялтаны талаар зөв ухамсарыг бий болгох зайлшгүй шаардлагатай байна. Нөгөө талаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хүнийг өөрчлөх, хүний сэтгэлийг засахад чиглэвэл зохино.
Ялтан хүнд эрх гэж байхгүй хэмээн үзэх нь бүдүүлэг явдал мөн. Тиймээс Монгол улс НҮБ-д элссэний хувьд Монгол улсын Үндсэн хуулийн 10-р зүйлийг дагаж мөрдөн, хоригдлуудтай харьцах наад захын жишиг дүрмийг чанд сахиулан эрүүл мэндийн эрхээс гадна, хувь хүний хөгжлийн эрх буюу хувь хүнийг дээдэлсэн эрхийг / individualism right / хэрэгжүүлэх нэн шаардлагатай байна. Нөгөөтэйгүүр Ялтныг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг бусад улс орнуудын нэгэн адил батлах гаргах нэн тэргүүний зорилтууд бидэнд тулгарсаар байна.
Ялтан бол цээрлэл амсаж буй этгээд бус гэмт хэрэг үйлдэх сэтгэл зүйгээ устгах гэсэн жирийн л нэг иргэн гэдгийг санууштай. Хүний эрхийн түгээмэл тунхаглалд заасны дагуу зөвхөн бусдын эрх, эрх чөлөөг хохироосныхоо төлөө тодорхой эрхээ хязгаарлуулахаас бусад тохиолдолд хүний эрхийг хязгаарлаж үл болно хэмээх зарчим алдагдсан байгаа билээ.
Иймд Үндсэн хуулийн 19.1-д заасны дагуу “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” Хэмээх эрхэм нандин үүргээ биелүүлнэ хэмээн найдаж байна.
Ангилал : Нийтлэл / эссэ / | Нийтэлсэн : Muusain | Уншсан (63) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

нц байдал тогтоосон үе дэх мэдэх эрх

2008-12-24 04:59
Оршил
“Үнэн хэрэгтээ төрийн зорилго нь эрх чөлөө бөгөөд жам ёсны эрх зүй нь иргэн, төр хоорондын харилцаа дуусгавар болдоггүй. Учир нь жам ёсны болон иргэний үүднээс хүн нь зөвхөн байгалийн хуулинд захирагдаж, өөрийн хэрэгцээ, айдас, хүсэл мөрөөдөлдөө харгалздаг билээ.”
                                Б.Спиноза (1632-1677)

    Хүний эрх, түүнийг хүлээн зөвшөөрөх, хүндэтгэх, хамгаалах нь өнөөдөр улам бүр олон орны иргэдийн үзэл бодолд илэрхийллээ олж, дэлхий нийтийн цаашдын хөгжлийн нийтлэг чиг хандлага болоод байна.
    XVIII зуунд байгалийн хуулийн талаарх анхны санаанууд, хүний эдлэх жам ёсны эрхийг хуульчилсан эрх болгон хүлээн зөвшөөрч, хөгжүүлсэн бөгөөд эдгээр эрхийг анх удаагаа улсын үндсэн хуульд тусгасан юм. Энэ нь төр болон хувь хүний хоорондын хуульчилсан харилцааны илэрхийлэл болж төрийн эрх мэдэл нь чөлөөт хувь хүний зөвшөөрсөнөөр бий болдог гэдгийг нотолсон болно. Хүн ба иргэдийн эрхийн тухай Францын тунхаглал (1789) , Эрхийн тухай Америкийн хууль (1791)-ийг дээрх зарчмыг баримтлан гаргасан билээ. Энэ ч утгаараа Монгол улс 1992 онд Ардчилсан үндсэн хуулиа баталсанаар төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцах  болсон билээ.
Монгол орон Азийн ардчиллын өлгий нутаг хэмээн нэрлэгдэн 18 жил өнгөрч, Үндсэн хуулиараа хүний амин чухал эрхийг баталгаажуулсан бөгөөд хүний эрхийн талаар соёрхон баталсан гэрээ конвенцууд, хуульчлан гаргасан бичиг баримтаараа тэргүүлэх орны нэг болжээ.   Гэвч 2008 оны 07-р сарын 01-нд болсон үйл явдал нь өнгөрсөн 18 жилийн турш хүний эрх, эрх чөлөөг хамгаалах үндсэн хуулийн баталгааг шалгасан томоохон шалгуур болсон юм.
Зах зээлийн нийгэмд шилжсэн цагаас хойшхи анх удаа Ерөнхийлөгч онц байдал зарлаж төрөөс зарим эрхүүдийг хязгаарласан.
Ардчилсан нийгмийн суурь зарчим нь  хувь хүний эрх, эрх чөлөөг төрөөс хязгаарлахгүй байх эрх зүйн баталгаагаар тодорхойлогддог.
Монгол улсын үндсэн хуулиар хүний эрхийг хязгаарлах хүрээг тогтоохдоо Absolute right facie  буюу үнэмлэхүй эрхүүдийг тодотгосон хэдий ч тодорхой эрхүүдийг тоочиж өгсөн нь тогтоосноос бусад суурь эрхийг хязгаарлах боломжийг олгосон явдал юм.
АНУ-ын үндсэн хууль батлагчдын нэг Жэймс Уилсон “ бидэнд буй / хүний / эрхийн аль нэгийг хязгаарлах гэж оролдох үед тухайн эрхийг тодорхойлон тодруулах асуудалтай тулгардаг билээ.”  хэмээсэн байдаг.
 Жам ёсны эрхүүд нэг нь нөгөөгүйгээр оршин тогтнох үндэсгүй байдаг. Тиймээс миний илтгэл Хүний жам ёсны эрх болох мэдэх эрхийн үндсэн хуулийн баталгаа ба онц байдал тогтоосон үед хязгаарлаж болох эсэх талаар хөндөж, өөрийн санал дүгнэлтийг илэрхийлэх болно.
Сэдвийн томъёолол:
1.    Мэдэх эрхийн тухай ойлголт
2.    Онц байдал тогтоосон үе дэх мэдэх эрхийн хязгаарлалт
3.    Дүгнэлт
Нэг. Мэдэх эрхийн тухай ойлголт
Эрх чөлөөний филисофи бол "өөрөө өөрийгөө мэдэх \ өөрийгөө эзэмших\ зарчим дээр үндэслэнэ. Өөрөө өөрийгөө мэдэх гэдэг бол та өөрийнхөө амьдралыг мэднэ гэсэн үг. Үүнийг үгүйсгэх нь өөр хэн нэгэн таны амьдралыг танаас илүү мэдэхийг зөвшөөрөхөд хүргэдэг.
Өөр хэн нэгэн эсвэл хэсэг бүлэг хүн, магадгүй тэд нийгэмд олонхи болж байлаа ч гэсэн таны амьдралыг мэдэх ёсгүй. Та ч мөн адил өөрөөсөө өөр хэн нэгний амьдралыг мэдэж шийдэх эрхгүй.  Өөрөөр хэлбэл, хүн бүр өөрийн сонгосон амьдралаар амьдрах эрхтэй бөгөөд бусдын ийм эрхийг зөрчих ёсгүй.
Мэдэх эрх нь өөрийн хүссэнээр амьдрахыг хэлдэг. Энэ нь итгэл үнэмшилтэй байж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэдээлэл авах, түгээх, хэвлэн нийтлэх, чөлөөтэй зорчих гэх мэт эрхүүд юм.
Харвардын профессор Роберт Нозик “Анархи ёс, төр, үл гүйцэлдэх үзэл”  хэмээх бүтээлдээ мэдэх эрх бол өмчлөх эрх юм хэмээгээд түүнийг эзэмшлийн зарчим, шилжүүлэх зарчимаар тодорхойлсон байдаг.
Либертари үзэлтэн Дэвид Боаз “ өөрөө өөрийгөө мэдэх эрх гэдэг бол ямар хоол унд, бэлдмэл хэрэглэх, хэнд дурлах, ямар эмчилгээ хийлгэхээ өөрөө мэднэ гэсэн үг юм” хэмээн тодорхойлжээ. 
Мэдэх эрх бол оюун санааны эрх чөлөө юм. Үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх, мэдээлэл авах эрх чөлөө нь хүний оюун ухаанд /ухамсарт/ нөлөөлж итгэл үнэмшлийг олгож, итгэл үнэмшилээ илэрхийлэх үйл ажиллагаа үзэл бодлын илэрхийлэл болж түүний илрэн гарах хэлбэр нь хэвлэн нийтлэх гэх мэтээр логикийн индуктив ойлголтоор илэрхийлэгддэг. Тухайлбал: Мэдээлэлгүй бол итгэл үнэмшилгүй, итгэл үнэмшилгүй бол үзэл бодолгүй, үзэл бодолгүй бол хэвлэх, нийтлэх, бусдад өөрийгөө ойлгуулахгүй, бусдад өөрийгөө ойлгуулж чадахгүй бол хүссэнээрээ амьдарч чадахгүй гэсэн логик ойлголтод хүрнэ.
Мэдэх эрхийн талаар судлаачид олон янзаар тайлбарладаг. Тэдний зарим нь мэдэх эрх бол мэдээллийн эрх чөлөө мөн хэмээн тодорхойлж байхад үлдсэн хэсэг нь мэдэх эрх бол хүний суурь эрх бөгөөд өөрийн хүссэнээр амьдрах эрх хэмээн тодорхойлдог. Гэхдээ дээрх хоёр ойлголтыг үгүйсгэх нь учир дутагдалтай юм.
Мэдэх эрх туйлын үнэний филисофид тулгуурлагддаг ойлголт юм. Кино театрт мөнгө төлсөн хүнд кино театрын эзэн тог тасарлаа хэмээн худал ярих эрхгүй байдаг. Сонгууль шударга бус явагдах нь миний өгсөн саналд өөр хэн нэгэн миний зөвшөөрөлгүйгээр миний мэдэх эрхийг зөрчиж буй хэрэг юм.
Танин мэдэхүйн явцад  хүн олж авсан мэдлэг  практикт батлагдсан  үедээ сая үнэн  болдог. Үнэн гэдэг нь  бодит байдлыг  зөв  тусгасан түүнтэй тохирч байгаа  мэдлэг юм. Үнэн объектив  оршин байгаа  юм үзэгдлийг тусгадаг болхоор  түүний агуулга  нь  хүн төрлөхтнөөс хамраарахгүй уул юм үзэгдлээс хамаарна. Жишээ нь : Дэлхий  бөөрөнхий хэлбэртэй . Энэ мэдлэг бодит байдалд тохирч байгаа учир үнэн  юм. Үнэн оюун санааны зүйл гэдэг  утгаараа  өөрөөр хэлбэл  хэлбэрийн хувьд  субъектив  юм.
Мэдэх эрх бол хам шинжтэй эрх юм. Мэдэх эрх нь үзэл бодлоо илэрхийлэх, итгэл үнэмшилтэй байх, Шашин шүтэх, эс шүтэх, халдашгүй дархан байх, улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, төрийн үйл хэрэг шууд буюу төлөөллийн байгууллагаараа уламжлан оролцох,хөндөгдсөн эрхээ сэргээлгэх, эвлэлдэн нэгдэх, бүтээл туурвих, сурч боловсрох, өмчлөх эрх, мэдээлэл авах, хайх, түгээх гэх мэт олон эрхүүдийг агуулгын хувьд өөрт багтаан хам шинжтэйгээр оршдог.
Мэдэх эрхийн хэрэгжих үндсэн суурь нь мэдээллийн эрх чөлөө юм. Мэдээллийн эрин зуунд мэдээлэлгүй бол бусад эрхүүдийн хэрэгжих нөхцөл арилдаг.
Монгол улсын үндсэн хуульд мэдэх эрхийн зохицуулалтыг дараах байдлаар тусгасан байдаг. Үүнд: Үндсэн хуулийн 3, 5, 7, 14, 16.1-4, 16.7, 16.8, 16.13-18 заалтуудад мэдэх эрхийн агуулгад багтах эрхүүдийг тусган хамгаалсан байдаг.
Мэдэх эрхийн талаарх нэр томъёоны хувьд англиар Right to know гэдэг нь мэдээлэл авах эрх хэмээн орчуулсан байдаг.  Хэдийгээр агуулгын хувьд мэдэх эрх нь шууд мэдээллийн эрх чөлөө хэмээн ойлгож болохгүй ч мэдээллийн эрх чөлөө нь мэдэх эрх биш хэмээн үгүйсгэж болохгүй юм.
Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал, Олон Улсын Иргэний болон Улс төрийн Гэрээний 19 дүгээр зүйл дээр хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл хүлээн авах болон хайх эрхтэй хэмээн заасан байдаг. 
Мэдээлэл хайх эрх гэдэгт мэдээллийн эрх чөлөөг хавсруулан хүлээн зөвшөөрөх явдал улам бүр өргөжсөөр байна. 
Үзэл Бодол болон Үзэл Бодлоо Чөлөөтэй Илэрхийлэх Эрх Чөлөөний тухай НҮБ-ийн Тусгай Мэдээлэл (Рапорт) мэдээллийн эрх чөлөө нь өөрөө хүний эрх болон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийн аль алиных нь чухал хэсэг байх болно хэмээн тунхаглав.
Сүүлийн жилүүдэд аливаа улс оронд шинжилгээ хийхдээ Хүний Эрхийн Хороо мэдээллийн эрх чөлөөний талаархи анализийг оруулдаг болжээ. Хүний Эрхийн Хорооноос Их Британи болон Узбекистан улсуудад, улсын нууцын тухай хуулийн хамрах хүрээг багасгах хэрэгтэй хэмээн зөвлөж, энэ нь 19 дүгээр зүйлийг зөрчиж байна хэмээн сануулжээ.
    Дээрхээс үзвэл мэдэх эрхийг судлаачид хоёр утгаар тайлбарлаж байна.
1.    Либертари үзэлтнүүд ихэвчлэн мэдэх эрхийг өөрийгөө эзэмших эрх, өөрийн хүслээр амьдрах буюу бусдын амьдралд үл оролцох эрх гэж үздэг.
2.    Мэдэх эрх бол мэдээлэл авах, хайх, түгээх эрх чөлөө мөн гэж үздэг. Ингэж үзэхдээ үзэл бодлоо илэрхийлэх, итгэл үнэмшилтэй байх эрхийг хамааруулан хам шинжтэй эрх хэмээн тодорхойлдог.
Хоёр.Онц байдал тогтоосон үе дэх мэдэх эрхийн
зохицуулалт ба хязгаарлалт
Монгол Улсын нийт нутаг дэвсгэрт буюу түүний зарим хэсэгт Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан онцгой нөхцөл бий болсон үед онцгой нөхцөл, түүний үр дагаврыг арилгах, хүн ам, нийгмийн амьдралыг хэвийн болгох зорилгоор энэ хуульд заасны дагуу иргэдийн эрх, эрх чөлөө, хуулийн этгээдийн эрхийг хязгаарлаж, тэдэнд нэмэгдэл үүрэг хариуцуулан төрийн болон аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд тодорхой хугацаагаар  тогтоосон эрх зүйн онцгой дэглэмийг онц байдал гэнэ.
Онцгой нөхцөл гэдэг нь:
1/ улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь оршин суугаа хүн амын амь нас, эрүүл мэнд, аж амьдрал, нийтийн аюулгүй байдалд шууд аюул учруулсан буюу учруулахуйц байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон;
    2/ Үндсэн хуулийн дэг журам, нийгмийн хууль ёсны тогтолцоо оршин тогтноход заналхийлсэн аливаа байгууллага, бүлэг хүний зохион байгуулалт бүхий хүч хэрэглэсэн хууль бус үйл ажиллагааны улмаас үүссэн нийтийн эмх замбараагүй байдлыг төрийн байгууллага эрх хэмжээнийхээ дотор ердийн арга хэрэгслээр тохинуулах боломжгүй болсоныг хэлнэ. 
Энгийн үед ч төрийн зүгээс иргэдийн эсрэг хүчирхийлэл үйлдэж, эрх, эрх чөлөөнд нь ноцтойгоор халдах эрсдэл өндөр байдаг тул онц байдал зарласан нөхцөлд энэ эрсдэл улам бүр өндөр болдог билээ. Учир нь онц байдлын үеэр төр иргэдийн хяналтаас улам бүр хамгаалагдаж, төрийн эрх барьж буй цөөн тооны этгээд хэвийн үед эдэлдэг эрх мэдлээсээ хамаагүй илүү эрх эдэлж, нийгмийн аюулгүй байдлыг хангах нэрийдлээр иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, төрийн үйл ажиллагааг хянах, шүүмжлэх, эвлэлдэн нэгдэх, тайван замаар жагсаал цуглаан хийх зэрэг иргэний болон улс төрийн эрх, түүнчлэн амьд явах, эрүү шүүлтээс ангид байх, хуулиар хамгаалуулах, гэм буруу нь тогтоогдоогүй нөхцөлд гэм буруугүйд тооцогдох зэрэг суурь эрхүүдийг зөрчиж, иргэдийг хэлмэгдүүлэх явдал хавтгайрах аюул учирдаг.
Онц байдлын арга хэмжээг зөвхөн нөхцөл байдлын хойшлуулшгүй шаардлагаар хэрэглэх ёстой. Арга хэмжээ нь аливаа ялгаварлан гадуурхалтын эсрэг байна.
Мөн аливаа үйлдэл нь хуулийн хүрээнд хүний эрх, эрх чөлөөг хязгаарлахдаа доорхи үндсэн зарчмыг баримтална:
•    Хүний үндсэн эрхэд (амьд явах, эрүү шүүлтээс ангид байх, боолчлолоос ангид байх г.м.) ямар ч тохиолдолд үл халдах
•    Нийгмийн сайн сайхны төлөө буюу олон нийтийн амгалан тайван байдлын төлөө гэсэн хууль ёсны зорилготой байх
•    Илүү ноцтой үр дагавраас зайлсхийсэн байх (авагдсан арга хэмжээ болон түүнээс үүдэн гарах үр дагаварыг сайтар тооцож зайлшгүй гэсэн тохиолдолд л онц байдал зарлах)
•    Түр зуурын шинжтэй байх (тодорхой хугацаатай байх ба шаардлагагүй тохиолдолд аль болох хугацаа сунгахгүй байх)
Эхний зарчим болох үндсэн эрхийг үл хөндөх буюу хязгаарлаж үл болох зарчим. Үүнийг жам ёсны эрхийн татгалзаж болохгүй эрхийн зарчим гэдэг. 
Мэдэх эрх бол жам ёсны эрх юм. Жам ёсны эрх гэдэг нь хүнд байгалаас төрөлхөөс заяасан салшгүй эрхийг хэлдэг. Мэдэх эрхийг салгаж болохгүй, хэрэв салгах аваас хүнийг боолчилсонтой ялгаагүй байдалд хүрнэ. Жам ёсны эрхийн онол нь XVIII зуунд Голландад үүссэн бөгөөд үндсэн хуулийн эрх зүйн хөгжилд ихээхэн нөлөө үзүүлсэн, өнөө үед жам ёсны эрхийг зохицуулах дараах үндсэн хоёр хандлага байдаг.
1.    Дээр дурьдсан эрхүүд нь жам ёсны шинжтэй учир тэдгээр нь үндсэн хуульд тунхагласанаар бий болдоггүй, хүний салгаж үл болох эрхүүд байдаг. Тиймээс эдгээр эрхийг заавал үндсэн хуулиар зохицуулахыг шаарддаггүй. Харин үндсэн хуульд улс төрийн нийгмийн гэх мэт бусад эрх, эрх чөлөөг тусгах ёстой. / ийм хандлага голланд, зарим скандинавын улс орнууд болон АНУ-ын үндсэн хуульд илэрлээ олдог.
2.    Жам ёсны эрхүүд онцгой чухал учраас тэдгээрийг үндсэн хуульд эн тэргүүнд тусгах шаардлагатай гэж үздэг. Ийм хандлагыг ихэвчлэн хүний эрх, эрх чөлөөг удаан хугацаагаар ноцтой зөрчиж байсан түүхтэй. Авторитар буюу тоталитар дэглэмээс салаад удаагүй байгаа орнууд баримталдаг. 
     Мэдэх эрх бол жам ёсны эрх юм. Тийм ч учраас мэдэх эрхийн агуулгад багтах эрхүүдийг төрөөс хязгаарлаж үл болох юм. Жишээлбэл: Үзэл бодлоо илэрхийлэх эрх, итгэл үнэмшилтэй байх, сурч боловсрох үйл ажиллагааг хязгаарлаж болохгүй. Төр хуулийн этгээдийн үйл ажиллагааг хязгаарладаг энэ нь хувь хүний үйл ажиллагааг бүрэн төгс хязгаарласан ойлголт биш юм. Онц байдал бол онцгой дэглэм болохоос төрд хүний жам ёсны салшгүй эрхийг хязгаарлах эрхийг олгосон хэрэг биш юм. Жишээ нь: ИБУТЭОУП-ын 4-р зүйлийн 2 дахь хэсэг, 5-р зүйл.
Дээрхээс дараах логик дүгнэлт гарч байнга.
1.    Мэдэх эрх бол жам ёсны эрх мөн.
2.    Жам ёсны эрхийг Үндсэн хуульд тусгасан, эс тусгасан ч бай түүнийг хязгаарлаж үл болно. / Derogable rights /
Онц байдлыг үед мэдэх эрхийг хязгаарлах нь дараах зөрчилд хүргэдэг. Үүнийг бодит судалгаан дээр өгүүлье.
2008.07.01-нд болсон үйл явдалд онц байдалтай холбоотой хүний эрхийн зөрчилд мониторинг, хамгааллын эвслээс баримтжуулалт хийгдсэн бөгөөд 71 баривчлагдан саатуулагдсан этгээд, 126 ар гэрийнхэнээс судалгаа авсан байдаг.
1.    Амьд явах эрх. Онц байдал зарласан үеэр 5 хүний амь нас эрсдсэн. Гэр бүлийнхэн нь мэдээгүй байсан.
2.    Түүнийг нэвтрүүлсэн сэтгүүлч, эмнэлгийн ажилтан тэр даруйд ёс зүйн арга хэмжээ авсан. / хариуцлага тооцсон/ Мэдээллийг дахин гаргаагүй.
3.    Мэдээлийн түгээх үйл ажиллагааг хязгаарлан телевизүүдийн үйл ажиллагааг түр хааснаар үнэн бодит мэдээлэл иргэдэд олгогдоогүйгээс иргэдийн итгэл үнэмшилд хуурмаг ойлголтыг бий болгосон. Ингэсэнээр нийтийн эмх замбараагүй байдалд оролцоогүй иргэдийн өөрийн хүслээр амьдрах эрхийг хязгаарласан. Энэ үед төрийн байгууллагаас мэдээлэл авах, түгээх эрх зөрчигдсөн.
4.    Улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих эрх. Онц байдал зарласан нутаг дэвсгэрээс өөр газарт байсан иргэдийг баривчилсан. Судалгаанд оролцсон иргэдийн 18 нь өөр газраас баригдсан байдаг.
5.    Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заагдсан баривчлан саатуулагдсан этгээдийн гэр бүлийнхэнд нэн даруй мэдэгдээгүй. 2008.07.04-ны байдлаар 30 гэр бүлийнхэнтэй холбогдоогүй байна.
6.    Баривчлагдсан хүмүүсийн ар гэрийнхний 61.9% мэдээлэл авч чадаагүй. Мэдээлэл авах гэсэн боловч өгөөгүй зэрэг зөрчил илэрчээ.
Дээрх зөрчлөөс үүсэн гарах үр дүн нь мэдээлэл авах, түгээх боломжийг хязгаарласанаар 72 иргэн сураггүй болсон нь тэдний амьд явах эрхийг төр бүдүүлгээр зөрчих боломжийг бүрдүүлсэн.
Дүгнэлт
Эрх нь ерөнхий байх ёстой гэсэн зарчим хоёр агуулгаар ойлгогддог. Нэг талаас эрх эзэмшигч рүү ханддаг, нөгөө талаас эрхийг хориглож, хязгаарлаж байдаг субъект рүү ханддаг. Тухайн үйлдлийг орон зай, цаг хугацааны хувьд хориглосон, шаардсан хууль нь энэ зарчмын хоёр дахь агуулгаар нь зөрчдөг. 
Төрөөс онц байдал тогтоон хүний суурь эрх болох мэдэх эрхийг хязгаарлах нь хүний суурь эрхүүдийг зөрчих эрх зүйн суурь нөхцөл болдог билээ.
Онц байдлын тухай Монгол улсын хуулиар хүний эрхийг хязгаарлах хүрээ нь эмпирик шинжтэй байгаагаа хориглогдоогүй бүхэн зөвшөөрөгдөнө, зөвшөөрөгдсөнөөс бусад нь хориглогдох зарчмын дагуу бусад хүний суурь эрхүүдийг төрөөс хязгаарлах боломжийг эрх зүйн хүрээнд олгосон байна. Энэ нь олон улсын хүний эрхийн үзэл баримтлалтай нийцэхгүй болно. Иймд Мэдээллийн эрх чөлөөний хуулийг батлахдаа мэдээлэл авах боломжийг хязгаарлахгүй байх. / нууцад хамаарахгүй асуудлаар, ямар ч нөхцөлд /, Үндсэн хуулийн 19.2-д заасан онц болон дайны байдлын үед хүний эрхийг хязгаарлахдаа жам ёсны эрхүүдийг үл хөндөхөөр заах. Гэхдээ эмпирик шинжийг агуулаагүй байх, Онц байдал болон хүний эрхийг хязгаарлахтай холбогдсон хууль тогтоомжийг шинэтгэх. / үзэл баримтлалын хувьд /, Онц байдал тогтоосон үед хэвлэл мэдээллийн үйл ажиллагааг хаахгүй байх. / хууль зөрчөөгүй бол /, Онц байдлын үед мэдээлэл авах тусгай эрхийг иргэний ниймийн байгууллагуудад олгох зэрэг мэдэх эрхийн эрх зүйн баталгааг төрөөс зайлшгүй бий болгох шаардлагатай байна.
 
Эх сурвалж:

Хууль тогтоомж, олон улсын гэрээний хүрээнд:
1.    Монгол улсын Үндсэн хууль, 1992 он,
2.    Онц байдлын тухай Монгол улсын хууль, 1995 он,
3.    Иргэний болон Улс Төрийн Эрхийн Олон Улсын Пакт, 1966
Ном сурах бичгийн хүрээнд:
4.    Дэвид Боаз “Либертарианизм” ( хувь хүний эрх чөлөөний филисофи ) орч. Б.Батчулуун, Мон судар, 2005 он,
5.    Ч.Энхбаатар, Т.Доохүү “Гадаад орнуудын үндсэн хуулийн эрх зүй” Уб., 2006 он,
6.    С.Нарангэрэл “Хууль зүйн толь бичиг” Уб., 1994 он,
7.    UNESCO, Лиа Левин ”Хүний эрх, асуулт, хариулт” Уб.,2005 он
8.    Richard Flathman, Liberalism and the suspect Enterprise of political institutionalization: the case of the rule of law, NY university press, 1994
9.    Виктор Кондэ “Олон улсын хүний эрхийн нэр томъёоны гарын авлага” Уб., 2004 он,
10.    Дэлхийн банк “Хашгирч шаардахаас хариуцлага тооцох хүртэл” Уб.,2004 он
Бусад эх сурвалжийн хүрээнд:
1.    Онц байдалтай холбоотой хүний эрхийн зөрчилд мониторинг, хамгааллын эвсэл “Баримтжуулалтын багийн тайлан” Уб., 2008
2.    Глоб Интернейшнл ТББ “Монгол дахь мэдээллийн эрх чөлөө” судалгааны тайлан”, Уб., 2004 он,
3.    Монголын хэвлэлийн хүрээлэн мэдээлэл судалгааны алба “Монголын хэвлэл мэдээллийн байдлын олон нийтийн үнэлэмж” судалгааны тайлан, Уб., 2003 он,
4.    Хансс Зайделийн Сан “Эрдэм шинжилгээний бага хурлуудын илтгэлийн эмхэтгэл” Уб., 2005 он,
5.     “Хүний эрх” сэтгүүл ¹2, Уб., 2002 он,
6.    “Хууль дээдлэх ёс” сэтгүүл ¹3 (14), Уб., 2006,
7.    http://www.unhchr.ch/html/menu3/b/a_ccpr.htm
8.    http://www.juridicas.unam.mx/publica/rev/comlawj/cont/1/cts/cts3.htm
9.    www.temuujin.blomn.net
10.    www. Right to know law institute.com

Нийтэлсэн : Muusain | Уншсан (39) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

O.Магнай: Би сайн цагийг үзэхийг хүсч байна

2008-12-15 23:13
O.Магнай: Би сайн цагийг үзэхийг хүсч байна

ИХН-ын дэд дарга О.Магнайгийн "Ганцхудаг"-аас бичсэн захидлыг нийтэлж байна.
2008 оны долдугаар сарын 7-ны өдөр УМБГ-т очиж мэдүүлэг өгсний дараа "чамайг Ганц худагт хорино" гэдэг үгийг анх удаа сонслоо. Оросын Матрыская Тишина ч юм уу, ард олны дунд айдас төрүүлдэг Ганц худаг уруу бүс, үдээс гэх мэт зүйлээ хураалгаад хар тентэй машинд чихэгдэн суугаад УМБГ-ын арын хаалгаар гаран хөдөллөө. Угаасаа аль ч нийгмийн үед коммунистуудын хүнийг айлгадаг ганц зүйл болох шоронд орох нь ямар ч байсан энэ үед илүү тодорхой болсон юм аа. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд бидний хийсэн бүхий л тэмцэл телевиз үздэг хүмүүсийн хувьд үзэгдэл мэт боловч байнгын дарамт шахалт, дагуул туршуул, утасны чагнуур гэх мэт "жирийн хүн"-ий хувьд давахад хэцүү он жилүүд байсан гэж өнөөдөр надад санагдаж байна. Гэхдээ бидний хийсэн тэр бүхий л жагсаал тэмцэл нь бүхэлдээ эрх чөлөө, шударга ёсны төлөө чиглэж байсандаа олон мянган хүний итгэл сэтгэлийг татаж өнөөдрийг хүртэл тэмцэх эрч хүч, итгэл үнэмшлийг олсон гэж би боддог. Угтаа Ганцхудагийн шоронд Магнай, Батзандан нарыг хорих шаардлага огтхон ч байгаагүй юмаа. Бид оргон зугтаахгүй нь ойлгомжтой. Тэгээд ч хүн бүхний танил хүмүүс холдлоо гээд хаа ч хүрэх боломж байхгүй, тэгээд ч ямар нэгэн хуйвалдаан бус түмэн олны нүдэн дээр болсон үйл явдлыг монголын цагдаа ойлгохын дээдээр ойлгож байгаа нь гарцаагүй юм. Гагцхүү зааныг зодож анааш гэж хүлээлгэдэг КГБ сэтгэлгээнээс салаагүй, салах ч болоогүйдээ ийм үйлдэл хийж байгаа нь ойлгомжтой биз дээ. Хотын төвөөс цаг гаруй явсаар миний урд нь хуулийн сургуульд сурч байхдаа дадлага хийхээр улаан буланд нь орж байсан, сонин дээрээс уншиж байсан Ганцхудагт "мориллоо". Шорон болсон хойно сайхан юм туйлын хомс. Тэгэхдээ хоригдож байгаа хүмүүсийн хувьд сайн хүмүүс олон гэдэгт би эргэлзэхгүй байсан юм. Урьд энд рецедив гэмт хэрэгтнүүдээс эхлээд бизнес, улс төрийн олон зүтгэлтнүүд тухайлбал Э.Бат-Үүл, Л.Гүндалай нар миний адил энэ босгыг алхаж байсан. Урьд нь эрүүлжүүлэхэд ч орж үзээгүй хүний хувьд Ганцхудаг гэдэг жаахан сүрдмээр байсан ч би буруу зүйл хийгээгүй, тэгээд ч улс төрийн шалтгаанаар хоригдож байгаа болохоор айх айдас үгүй байлаа. Ганцхудагт очсон даруй биед үзлэг хийж, кинон дээрээс харж байсан шиг зургийг минь хэдэн талаас нь авч, IV давхрын нэгэн камерт оруулав. Бүдэг гэрэлтэй ЗхЗ-ын хэмжээтэй, 20Ч10 см-ийн жижиг нүхтэй өрөөнд өөрөөсөө гадна гурван залуутай хоригдлоо. Өнөөдрийн монголын шоронд хоригдож буй хүмүүсийн 70 хувь нь 18-23 насныхан бөгөөд 70 хувь нь хулгай дээрмийн хэргээр торны цаана сууж буй юм байна. Нийгмийн ядуурал...Жирийн хүн мөрөөрөө амьдрах боломжийг бид иргэддээ олгож чадсан билүү. Танил тал, эвэртэн туурайтан ах дүү, амраг садангүй л бол ажилд орж чадахгүй олон олон залуус маань "азаа үзэж" гэмт хэрэг хийхэд хүргэж байгаа юм уу даа гэсэн сэтгэгдлийг төрүүлснээ нуух юун. Бас нэг анзаарагдсан зүйл гэвэл боломжийн амьдралтай, нийгмийн давхаргын хүмүүс энд байдаггүй юм байна. Төрийн хууль ядарч зовсон ард түмний хүүхдүүдийн нуруун дээр л үүрэгддэг гэдгийг энд ирээд би нүдээрээ үзлээ. Урьдчилан хорих төвд хоёр жил хоригдоно гэдэг энгийн сэтгэлгээнд буухгүй, айдас төрүүлмээр зүйл. Шоронгийн бас нэг онцлог бол энд МАХН-ыг дэмждэг хүн байдаггүй юм байна. Ардчилал л ярьсан залуучууд... Нямдоржийн шоронжсон хуулийг хэн зөөллөсөн-Ардчиллынхан, Шорон хэдэн оноос бага ч гэсэн эрх чөлөө үнэртсэн-1998 оноос, Урьдчилан хорих төв хэдийд хамгийн хэцүү байсан-2000-2004 он, Өршөөлийн хоёр удаагийн хуулийг хэн санаачилсан-Ардчиллынхан гэх мэт Монголын улс төрд ардчилсан хүчний хувь нэмэгдэхэд энд хүртэл өөрийн нөлөөг үзүүлж байсан байх юм. Энэ ч утгаараа намайг энд өөриймсгөөр угтсан. Өрөөний толгой "атаман" юм уу даа хэвтдэг наараа надад өгч "ямар ч байсан Магнайгаараа юм цэвэрлүүлэхгүй гэх" нь хэчнээн шоронд ч гэсэн хүний итгэл үнэмшил хадгалагддаг юм байна гэдгийн нотолгоо юм. Эрхтэн, дархтнууд энд ирвэл тэдэнд нэг хоногийг өнгөрөөх ч хэцүү гэдэг нь эндэхийн уур амьсгалаас тодорхой харагдаж байна. Би камертаа Ц.Элбэгдорж гуайн "Үнэний мөр цагаан" хэмээх номыг авч орсон бөгөөд яагаад ч юм урьд нь уншсан байсан боловч дахин уншихад илүүдэхээргүй санагдсан. Мөн л улсын нууц задруулсан хэргээр шүүхэд дуудагдаж, Улсын их хурлын гишүүний бүрэн эрхээсээ сайн дураараа татгалзаад явж байсан тэр хэсэг нь надад их эрч хүч өгсөн юм. Шинэчлэгч, тэмцэгч хүмүүсийн зам мөр яагаад ч юм цагаан хирнээ бас их бартаатай байдгийн жишээг Н.Мандела, Ю.Тимошенко, Л.Валенса гэх мэт олон хүний намтраас харж болдог. Гэхдээ цаг хугацаа гэдэг агуу зүйл ямагт тэдний талд байсан гэдэгтэй өнөөдөр хүмүүс санал нийлэх байх. Ганцхудагт ирээд 14 хоногт анх удаа үзэг цаас нийлүүлж байна. Энэ хугацаанд долдугаар сард болсон үйл явдлыг олон талаас нь тунгаан бодлоо. Бид 16.30-д цугларсан хүмүүсийг тарааснаас хойш эмх замбараагүй байдал эхэлсэн. Өнөөдөр ч гэсэн энд хэлсэн үгийнхээ төлөө тайлбар хийж байцаалт өгч байна. Угтаа Батзандан, Магнай нарт гэмт үйлдэл байхгүй бөгөөд гагцхүү олон түмний өмнө хэлж ярьж байсан зүйл дээр л тайлбар авах нь XXI зуунд хүн хэлсэн үгийнхээ төлөө шоронд орж болдогийг харуулж байна. Ардчилсан нийгэмд гэмт үйлдэл гэж байхаас гэмт үг, өгүүлбэр гэж байхгүй юм. 1990 оноос хойш хэлсэн үгийнхээ төлөө хоригдсон хүн гарын арван хуруунд багтах цөөхөн хүмүүсийн нэг нь бид боллоо. Хүний хамгийн үнэт зүйл бол яах аргагүй эрх чөлөө, тэр тусмаа эрх чөлөөгөө улс төрийн шалтгаанаар хасуулан дөрвөн хананы дунд сууна гэдэг удаан тэвчих зүйл биш. Илтэд луйвартай болсон сонгуулийг эсэргүүцэн шудрага ёсны төлөө хоригдоход өнгөрч буй өдөр хоног улам бүр эрч хүч, сэтгэлийн тэнхээ өгдөгийг өөрийн биеэр үзлээ. 27 жил улс төрийн хоригдол байсан Манделлагийн хөшөөг өнгөрсөн жил Лондон хотод Хайд паркад нээсэн үйл явдал, долоон жил ширэнгэнд тамлагдаад Ерөнхийлөгчөөсөө Легионы одон авсан И.Бетанкурт, хоёр жил гэрийн хорионд ороод Нобелийн Энхтайвны шагнал авч байсан, коммунизмыг нурааж байсан Лех Валенса, төвдийн ард түмний эрх чөлөөний төлөө өөрийн амьдралыг зориулж АНУ-ын конгрессийн алтан медаль хүртээд буй XIY Далай лам гэх мэт гайхамшигтай хүмүүсийн түүх сэтгэлийг хурцалж итгэлийг нэмж энэ шоронгийн өдрүүдийг өнгөрүүлж байна. 1990 онд Лех Валенсаг хөнөөснийхөө төлөө 2005 онд генерал Ярузелский болон тухайн үеийн цагдаагийн нөхдүүд болох 70, 80 насны өвөө, эмээ нарт эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байсан тэр сайн цаг миний эх оронд ирнэ гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. 2000 онд ардчиллын эцэг Э.Бат-Үүлийг хууль бусаар хорьсон үйл явдал, 2001 онд УИХ-ын гишүүн Л.Гүндалайг хорьсон болон Францад орогнол эрэн амьдарч байгаад Монголын цагдаад хулгайлагдан ирж мөнх бусыг үзсэн Р.Энхбат асан, АНУ-аас Зоригийн хэргээр хулгайлагдан ирж хуурамч дипломны хэргээр ял авч байсан "ард" Батсүх , хүн өмгөөлснийхөө төлөө шоронд ял эдэлсэн хурандаа Л.Санжаасүрэн гэх мэт магадгүй бидний сонсоогүй хэлмэгдсэн тэр бүх хүмүүсийн төлөө энэ бүх шударга бус үйлдлийг зохион байгуулагчдыг хариуцпагын ширээнд суулгах сайн цаг ирээсэй гэж би мөрөөдөж байна. Сайн цагийг би бас үзэхийг хүсч байна.

"Сэтгэлд түймэр асч, үер буулаа ч
Сараалжин цонх бодлыг минь бөхөөх юм
Цав ертөнц хорвоо дээр
Ариун үнэн гэж байна уу үгүй юу"
Х.Лхагвасүрэн "Гэгээ" дууны хэсгээс.
PS: Ганц худгийн шоронд улстөрийн хэрэгтэн болж хоригдож буй хугацаанд сэтгэлийн дэм өгч буй АН-ын дарга Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, Б.Батбаатар, Х.Баттулга болон Д.Сосорбарам ахдаа, Эрх чөлөө төвийн Ц.Оюунгэрэл, А.Ариунтуяа, Г.Арслан, Ногоон хөдөлгөөний Бум-Ялагч, Саруул, МАЧХ-ны тэргүүн Баасан, Улс төрийн сонины Уянга, Баатархуяг болон нийт хамт олонд, Японд амьдарч буй залууст, сэтгэлийн дэм өгч сонинд захиа болон мессеж явуулсан нийт иргэддээ, Нам болон хөдөлгөөний нөхөддөө, намайг дэмжиж байгаа Монголын ард түмэндээ чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлье.
Мөнх хөх тэнгэр
Монгол эх орныг минь ивээх болтугай.
Нийтэлсэн : Muusain | Уншсан (47) | Сэтгэгдэл ( 2 ) | Дэлгэрэнгүй

Unshigchiddaa handsan ugs

2008-11-23 13:05

Unshigchiddaa handsan ugs

Sain baitsgaana uu ta buhend ene odriin mend hurgey!
              Nileed olon jiliin omnoos essaynii urlagt suraltsan ooriin tuurvij chadah essaynuudee tuurvisaar darui heden jil ongorchee. Mongold essay urlag bolon hogjoogui onoo ued baabar, tsenddoo geh met humuusiin ach gavyagaar neg heseg zaluuchuud essaynd durlaj bsan ch ergeed nurlaa ene ued oorinhoo uzel bodliig tugeeh, nogoo talaar realist essaynii hev maygt suraltsah zorilgoor essay bichij blogooroo hurguulsen bilee. Harin odoo ooriin tuurvisan shildeg gesen essaynuudee nom bolon horvuuleh gej bna. Tiimees ta buhnees tuslamj husch essaynii nom garval humuust her baih bol gesen neelttei heleltsuuleg gargee gej bodloo tiimees tuslaarai!
Ангилал : Мэдээлэл | Нийтэлсэн : Muusain | Уншсан (91) | Сэтгэгдэл ( 5 ) | Дэлгэрэнгүй
 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 >  Last ›